Wednesday, May 11, 2011

Айлтгал бичиг


Их дээд эзэн богд, агуу удирдагч Чингис хаан танаа зориг гарган хичээнгүйлэн өчих нь:
Эрт дээр үеэс тэнгэр заяат Монголчууд бид эв эеэ эрхэмлэн, эрхэм ноёдоо хүндэтгэдэг эгэл сайхан ёс буй бөлгөө. Хэн хүссэн нь төрийн толгойд сууж, хэрэг явдлыг удирдаж, түмэнд нүүрээ барж, төрд сэв суулгадаггүй байсан ажгуу. Таны байгуулсан Монгол улс найман зуун дамжин дэлхийн цээжинд тамгалагдан буй нь үе үеийн баатар зоригт удирдагчид, эрэлхэг дайчин эрс, эх орноо өмгөөлөн босох халуун сэтгэлийн үр дүн бөлгөө. Танд ийн тусгаар улсынхаа хөгжил цэцэглэлт, баатар гавьяа, бүтээн байгуулалтыг дурдвал мөхөс миний сэтгэл юутай таатай вэ? Гэвч миний танд зориг гарган айлтган өчих сэтгэлийн углуурга маань таны сэтгэлийг зөндөө чилээх вий гэхээс өмөлзөн сүрдэнэ.
Таны байгуулсан Их Монгол гүрний 13-р зууны үед адуу малаа бэлчээх тал дүүрэн бэлчээртэй, тамсаг сайхан ус булагтай, тааваар хангалуун амьдралтай байсан бөлгөө. Эдүгээ бидний үед хөдөө тал нутаг маань төр түшигчид, эрхтэн ямбатны хувийн ашиг сонирхлын үүр уурхай болсон элт эрдэнэсийн бай болж, эх орны баялагаас таван эрдэнэ баялагийн бэлчээр талхлагдан буй. Таны байгуулсан эрэлхэг Монгол улсын үед эр хүн бүр эх орноо хамгаалах эр зориг, баатар сүртэй, үнэнч сэтгэлтэй байсан бөлгөө. Эдүгэ бидний үед  халуун нөмөрт ханхар сүрт эрчүүдийн маань сүр жавхлан, сүлдэр зориг, суу алдар таягдан хаягдсан бөлгөө. Цагийн аяст эх орны дуудлага эрэлхэг баатруудыг минь бүрээлэн дуудах ахуйд дархан хилээ дайчнаар хамгаалах сэтгэл үнэндээ дутмаг бөлгөө. Эрт таны үед төрийн шийдвэр, түшээдийн тушаал зарлиг, эцэг өвгөдийн захиас мэт үнэтэй байсан ажгуу. Өдгөө 21-р зууны үед албат тушаалтан, эрх мэдэлт түшээдийн хэлсэн үг, хийсэн үйлдэл ард иргэдийн ундууцал бухимдлыг төрүүлж, төрийн нэр хүнд үнэ цэнэгүй, худал хуурмаг мэт шороон тоос адил арчигдан үгүй болж буй мэт. Одоо манай улс ардчилсан гэх үгээр нүүрээ халхавчилж, буруу бүхэн ардчилал мэт ойлгогдож байна. Хүссэн бүхэн улсынхаа төв цэг, чингээд газар хамааралгүй гэр, овоохой, өдгөө бидний хэллэгээр майхан зоож, барьж эсэргүүцлийн жагсаал цуглаан зохион байгуулж, төрд итгэх итгэлээ алдаад байна. Өчүүхэн миний мөхөс ухаан ухан бодвоос энэ бидний үед удирдлага, төрийн толгойд суух хэргэм тушаалтан ард олон ард иргэдийнхээ итгэлийг худалдан, өдрөөс өдөрт монгол улсаа харийн улсад байгаа бүхэнтэй зарахад бэлэн болжээ гэж эмээхүй. Мөн агуу удирдагч Чингис таны зуунд албат олон, ард иргэд өөрсдийн эрх үүрэг, эрхлэх ажлаа ухамсарлан, хариуцлагатайгаар итгэл алдалгүй, итгэлийг тань алдрахаас эмээдэг байсан бөлгөө. Энд манай үед эзэд ноёдынхоо итгэлийг алдаж, эмээх бус хэдэрлэдэг болсон. Эрх үүрэг хөлийн уланд гишгэгдэж, эрхлэх ажил, алба гувчуураа буруугаар хэрэглэж, ашиг хонжоо олохын нэр болжээ.
Зориг гарган, таны сэтгэлийг чилээн хэдэн дорд үгс хэлхэн мутарлан буйдаа гүнээ хүлцэл өчихийн сацуу таны сонорт саар мэдээг дуулгасандаа, эх орны хөгжлийн саад тотгорыг тоочсондоо, өөрөөсөө эхлэл хайгаагүйдээ дахин хүлцэл өчнөм.
Сэтгэлийн гүнээс урсан гарах өчлөө мутарлан эзэн богд Чингис танаа айлтгасан өчүүхэн дорд, мөхөс ухаант оюутан

No comments:

Post a Comment