Wednesday, May 11, 2011

Үзэл суртлын нийгэмд гүйцэтгэх үүрэг


                                       Үзэл суртлын нийгэмд гүйцэтгэх үүрэг
Улс төрийн үзэл суртлыг улс төрийн ухамсрын цөм гэдэг. Улс төрийн үзэгдэл үйл явц ихэнхдээ урьдаас тааварлахын аргагүй боловч улс төрд оролцогчдын үйл байдал өөрийн гэсэн зүй тогтол, зорилго чиглэлтэй байдаг.Ийнхүү улс төрийн дэглэмийг тодорхойлж, нийгмийн бүхэл бүтэн байдлыг хангаж, өөр хоорондоо тэрсэлдэн сөргөлдөгч улс төрийн бүлгүүдийг нийгмийн хөгжил, дэвшлийн зүгт удирдагч хүчин зүйл бол улс төрийн үзэл суртал юм.
Нийгэм, улс төрийн бүлэг, хувь хүн, улс төрийн намын үйл ажиллагаандаа баримтлах үнэт зүйл, зарчмуудын цогцыг үзэл суртал гэнэ.Мөн үзэл суртлыг итгэл, үнэмшлийн систем ч гэж үзэж болно.Улс төрийн үзэл суртал нь хүмүүсийг улс төрийн үйл ажиллагаанд уриалан дуудаж, үйл байдлыг нь удирдан чиглүүлдэг юм.Үзэл суртлын бүрдэл хэсэг нь үзэл санаа, үзэл баримтлал, онол, үйл ажиллагааны үнэлэмж, зорилго, удирдамж зэрэг болно.Үзэл суртал бүхэлдээ энгийн ухамсраас гагцхүү онол баримтлалтай байдгаараа чанарын хувьд ялгагдана.Өөрөөр хэлбэл онолын үндэс, номлол нь боловсруулагдсан нөхцөлд л тодорхой үзэл суртал бий болно. Үзэл суртал нь баруун Европыг бүхэлдээ хямралд автаад байсан 15-р зуунд буюу Сэргэн мандалтын эхэн үед үүсчээ.Энэ үед нийгэм болон хувь хүний ухамсрыг шашны нөлөөнөөс чөлөөлөх "секуляризация" / сүм хийдийн нөлөөнөөс чөлөөлөгдөх хөдөлгөөн / өрнөж байлаа.Улмаар 17-р зууны үед хүний эрх, эрх чөлөө хувийн өмч гэх мэтийн үнэт зүйлээр үзэл суртлын систем баяжсан байна.Үзэл суртал нь хүн амын өргөн давхаргыг хамарч улс төрийн томоохон хөдөлгөөн болон хувирч байлаа.Үзэл суртал хэмээх нэр томъёог анх 1796 онд Францын гүн ухаантан Дестют де Траси "Үзэл суртлын элементүүд" номондоо хэрэглэсэн.Тэрээр үзэл суртлыг "үзэл санааны шинжлэх ухаан" гэж үзсэн байна.Монголоор Үзэл суртал хэмээх үг нь оросоор "идеология" , англиар "idelogy" гэдэг үг. К.Маркс /1818-1883/ үзэл суртлын мөн чанарыг эдийн засаг, социал хүчин зүйлтэй холбон тайлбарлаж үзэл суртал бол шинжлэх ухаанч бус хуурамч ухамсар гэж тодорхойлоод түүнтэй өөрийн үүсгэн хөгжүүлсэн шинжлэх ухааны социализмын онолыг сөргүүлэн тавьсан байна.
Анги бүлгийн ашиг сонирхлыг илэрхийлдэг учир үзэл суртал хуурмаг шинжтэй гэсэн санаа явсаар аливаа үзэл суртлаас татгалзах хандлага гарахад ч нөлөөлжээ.Энэ нь 20-р зууны дунд үеэс Өрнөдийн улс төрийн шинжлэх ухаанд гарсан "үзэл сурталгүйжүүлэх" үзэл баримтлалд илэрдэг.Энэ үед Д.Белл тэргүүтэй судлаачид "үзэл суртлын төгсгөл ирлээ, нийгэмд үзэл суртал хэрэггүй" гэж шуугиулах болжээ. Тэдний гол санаа нь шинжлэх ухаан техникийн хувьсгалын ачаар өргөн олон түмний аж байдал сайжирч нийгмийн бүтэц өөрчлөгдөн ангийн зөрчил тэмцлийг хууль зүйгээр зохицуулах боломжтой болсон учир үзэл суртал нэгэнт үеэ өнгөрөөлөө гэж үзсэнд оршино.19-р зуунд үзэл суртал улс төрийн онол байсан бол түүнийгээ одоо нэгэнт больж улам бүр суртал нэвтрүүлгийн шинжийг олж, олон түмний санаа бодлыг төөрөгдүүлэх үүрэгтэй боллоо гэж үзэх нь ч байв.Ийм учраас аж үйлдвэржсэн нийгэмд улс төрийн үзэл суртлын оронд технократ ухамсар голлох ёстой гэж барууны зарим улс төрчид үзэх болжээ.1960-аад оны үеэс өрнөсөн "Хиппи" гэх мэт залуучуудын хөдөлгөөний нөлөөгөөр "дахин үзэл сурталжуулах" үзэл онол дэвшигдснээр нийгмийн хөгжилд үзэл суртлын гүйцэтгэх үүрэг ач холбогдлыг мэдэгдэхүйц өргөж улмаар " үзэл суртлын төгсгөл" хэмээх үг хаягджээ.Нийгэм үзэл сурталгүй болно гэдэг нь нийтээр эмх замбараагүй байдалд орно гэсэн үг юм.Тиймээс тодорхой анги, бүлэг, давхарга бүхэн өөрсдийн эрх ашгийг хамгаалсан үзэл сурталтай байх нь зүйтэй юм гэж судлаачдын нилээд хэсэг нь үзэх болсон байна.Үзэл суртал зарчмын хувьд нааштай зайлшгүй байх ёстой үзэгдэл гэдгийг иш үндэс болгож, тэр нь нийгэмд шинэтгэл хийх, улс орны байр суурийг дэлхий дахинд бэхжүүлэх нэн чухал хүчин зүйл, үндэсний нөөц мөн гээд үзэл суртлын зарчмууд, үнэт зүйлсийг баримтлах нь гадаад, дотоод бодлогын зорилтуудыг шийдвэрлэх нэг нөхцөл гэж үзэх болсон байна.Үзэл суртал бол ертөнцийг үзэх үзэл , үнэт зүйлсийн систем, практик үйл ажиллагааны удирдамж гэсэн бүрдэл хэсгүүдтэй байдаг.Ертөнцийг үзэх үзэл нь улс төрийн хүчнүүд ба тодорхой хүмүүст дэлхий ертөнц, түүний хөгжлийн хандлага, нийгмийн мөн чанар юу вэ? ертөнцөд ялангуяа нийгэмд хүн ямар байр суурь, үүрэгтэй вэ? гэдэг талаар ерөнхий ойлголт төсөөлөл өгдөг.Ертөнцийг үзэх үзэл нь ерөнхий үндэслэл, зарчим мөн боловч үзэл суртлыг бүхэлд нь төлөөлдөггүй. Үзэл суртал бүхэн нийгмийн бүлгүүдийн үйл ажиллагаанд хэрэгтэй үнэн зүйлсийг бий болгож түүнд итгэх итгэлийг бэхжүүлэхэд чиглэгддэг.Үнэт зүйлс нь үзэл суртлын системд бүхэлд нь тулгуурласан, түүний ерөнхий дүгнэлт болохын зэрэгцээ ирээдүйн төсөл загвар болж байдаг.Акселогийн энэ системд нийгмийн анги бүлэг, тэдгээрийн улс төрийн байгууллагуудын зорин тэмцэж буй туйлын зорилго чухал байр суурь эзэлдэг.Олон түмэнд ямар нэгэн эрмэлзэх зүйл, туйлын зорилгыг санал болгон дэвшүүлэхгүйгээр, түүнд итгэх итгэл үнэмшлийг бий болгохгүйгээр үзэл суртал оршин байж чадахгүй.
Үйл ажиллагааны удирдамжийн хэсэг нь үзэл суртлын практик хэрэглээний талыг илэрхийлдэг.Үзэл суртлын номлол нь нийгмийн хөгжил, анги бүлгүүдийн байр суурийг тусгасан үзэл санаа, онолоос бүрдэж харин практик удирдамжийн хэсэг нь энэ үндсэн дээр нийгмийн бүлгээс зорилгоо хэрэгжүүлэх, сонирхолоо хамгаалахын тулд дэвшүүлэх шаардлага, мөрийн хөтөлбөр уриа лоозонг боловсруулах үүрэгтэй ажээ.Үзэл суртлын талаар олон янзын тайлбар бий.
1.Үзэл суртлын тухай Функциональ хандлага нь үзэл суртлын мөн чанар, онцлогийг бус нийгэм дэх түүний үүрэг нөлөөг илүүтэй анхаардаг байна.Энэ үүднээс үзэл суртлыг нийгмийн үйл ажиллагааны үндсэн чиглүүлэгч болж байдаг үнэт зүйлсийн систем гэж үздэг.
2. Үзэл суртлын талаар хамгийн өргөн хүрээтэй тайлбар нь культурлоги /соёл судлал/ -ын хандлага юм. Энэ чиглэлийн гол төлөөлөгчид болох М.Вебер, К.Мангейм, Э.Дюркгейм нар үзэл суртлыг хувь хүнийг болон нийгмийн бүлгийн үйл ажиллагаанд татан оруулах сэдэл болдог субъектив шинжтэй үнэт зүйл гэж үзсэн байна. М.Вебер нийгмийг удирдах хэрэгт шашны үүрэг нөлөө өндөр гэж үзээд аливаа улс төрийн үзэл суртал нь шашны хэм хэмжээг агуулсан байвал зохино гэжээ. Мөн үзэл суртал нь нийгэмд дэг журам тогтоож, хүмүүсийн амьдрах хэв маягыг заан чиглүүлж байх ёстой гэж Вебер дүгнэсэн байна. Хэрэв үзэл суртал нь нийгмийг дэвшилд хөтлөн чиглүүлж чадахгүй бол агуулгаа шинэчлэн сайжруулах нь зүйтэй гэдгийг Вебер онцолжээ. Үзэл суртлын талаарх соёл судлалын хандлагыг өнөө үед Э.Шилз, У.Матч нар үргэлжлүүлэн хөгжүүлж байна. Тэд нийгмийн дэвшил дэх үзэл суртлын үүргийг ихээхэн анхаарч байгаа юм. Э.Шилз үүнийг дараах байдлаар авч үзжээ.
1.Нийгмийн хурц хямралын үед л зөвхөн үзэл суртал хүмүүсийн итгэл үнэмшлийн систем болж улс төрийн тавцанд гарч ирдэг. Тэрнээс биш нийгэм тайван байх үед үзэл суртал төдий л хүчтэй, нөлөөтэй байдаггүй
2. Үзэл суртал хүмүүсийг өөртөө татах онцгой чадвартай байж гэмээн хүлээн зөвшөөрөгдөнө.
3. Хүмүүсийг үйл ажиллагаанд уриалан дуудаж нэг бол нийгмийн хувьсалд, эсвэл хямрал, мөргөлдөөнд хүргэдгээрээ үзэл суртал чиглүүлэгч шинжтэй гэжээ.
Улс төрийн үзэл суртлын хувьд ашиг сонирхол гол асуудал бөгөөд улс төрийн үзэл санаанд тусгалаа олохын тулд ашиг сонирхол юуны өмнө ухамсарлагдсан байх учиртай.Ашиг сонирхол зорилгын эх сурвалж болж байдаг тул хэрэв тэр нь ухамсарлагдаагүй нөхцөлд зорилгыг тодорхойлох аргагүй ажээ.Бас нэг чухал анхаарах зүйл бол ашиг сонирхол субъектийн үйл байдалд нөлөөлөхдөө эрхэмлэн үздэг үнэт зүйлстэй өрсөлдөж байдаг.Иймд үнэхээрийн үнэт зүйлсийн нөлөөн дор алив ашиг сонирхол зорилго болон хувирдаг байна.Энэ утгаар улс төрийн үзэл санаа, үзэл суртлууд үндсэн ашиг сонирхол, улс төрийн зүйлсийн бат нэгдэл болдог. Анги давхарга, үндэстэн зэрэг хүн амын янз бүрийн бүлгүүдийн нийгмийн бодит байдлыг өөрсдийн ашиг сонирхлоор дамжуулан тусгадаг.Үүнтэй уялдан аливаа үзэл суртал нь нийгмийн тодорхой бүлгийн эрх ашгийг илэрхийлж түүнийг хамгаалах үүрэгтэй байна.Харьцангуй системтэй байх явдал нь үзэл суртлын нэг чухал онцлог юм.Системт шинж нь үзэл суртлыг бүрдүүлэгч хэсгүүдийн зохион байгуулалт, хоорондын холбоо хамаарал нэгдлийг харуулдаг.Үзэл санаа үзэл баримтлал, онол үйл ажиллагааны үнэлэмж, зорилго, удирдамж зэрэг нь үзэл суртлыг бүрдүүлдэг. Эдгээрийн дотроос онол, баримтлал нь бусад хэсгүүдийг нэгтгэх үндэс болж, үзэл суртал бүхэлдээ энгийн ухамсраас ялгагдах чанарын ялгааг нь тодорхойлдог..Үзэл суртал нь шинээр үүсэж буй болох үед түүний онол номлол нь ихэнх тохиолдолд харьцангуй өндөр түвшинд боловсруулагдсан байдаг.Харин тэр нь нийгмийн орчинтой холбогдсон нийгмийн сэтгэл зүйгээр дамжин олон түмний итгэл үнэмшил болох явцад түүнийг сохроор шүтэх явдал үзэл суртлын фанатизм, догматизм өсөх хандлага багагүй гардаг.Өндөр түвшинд системчлэгдэж, ихэвчлэн онолын дүгнэлтийн хэлбэртэй байгаа үзэл санааны цогцсыг номлол гэдэг.Гэхдээ үзэл суртал нь онолын хэлбэртэй байх явдал түүнийг заавал шинжлэх ухаан болгодог мэтээр ойлгож болохгүй.Учир нь аливаа үзэл суртал, номлол нь бодит байдлыг тухайн бүлгийн эрх ашигт нийцүүлэн ойлгож илэрхийлдэг.Улс төрийн номлол нь арга зүй, онол, удирдамж хөтөлбөр гэсэн гурван хэсгээс бүрдэх бөгөөд онолын агуулга нь илүү тогтвортой элемент гэж үздэг.Тэгвэл шинжлэх ухаан нь бодит байдлын тухай үнэнийг олох явдлыг танин мэдэхүйн гол зорилго болгодог.Өөрөөр хэлбэл тухайн үзэл суртал түүнийг илэрхийлж буй ойлголтоороо дамжуулан аль нэг бүлгийн хувьд үнэний утгаар баримтлагддаг.Ийм ч учраас үзэл сурталд субъектив нөлөөлөл их байдаг юм.Нөгөө талаас үзэл суртал шинжлэх ухаан хоёр огт өөр зүйл бас биш юм.Аливаа үзэл суртал, улс төрийн номлол нь хүн төрлөхтний ялангуяа нийгмийн шинжлэх ухааны эрдэм мэдлэгийн өв сангаас тодорхой хэмжээгээр заавал эзэмшдэг.Үзэл суртал нь нийгмийн бодит амьдралд гарч буй хувьсал өөрчлөлт, шинжлэх ухааны ололт амжилтыг ашиглаж чадахынхаа хэрээр оршин тогтнож бэхжих чадвараа улам бүр хангаж байдаг.Үзэл суртал, шинжлэх ухаан хоёрын харилцан холбооны-Германы философич К.Мангей.Тэрээр ангийн ашиг сонирхлоор нөхцөлдсөн үзэл санаа ямагт шинжлэх ухааны үнэ цэнээ алдаж, үзэл суртал болон хувирдаг.Үзэл суртал бол оршин байгаа нийгмийн байгууллагыг зөвтгөн магтсан зүйл ноёрхох байр суурийг олж аваад түүнээ хадгалахыг хүсэн сонирхож байдаг энгийн онолын шинжтэй үзэл санаа юм гэж үзсэн байдаг.Харин В.И.Ленин үзэл суртлыг тууштай ангич байрнаас хуваан үзэж "эсвэл хөрөнгөтний үзэл суртал, эсвэл социалист үзэл суртал л байна гэсэн асуудал байх болно.Энд завсрын онол, номлол гэж байхгүй" хэмээн бичжээ.
Янз бүрийн үзэл суртлыг ангилж тэдгээрийг харьцуулан шинжлэх арга улс төрийн судалгаанд чухал ач холбогдолтой байдаг.Үзэл суртлыг:
-нийгэмд гүйцэтгэх үүрэг
- нийгмийн бааз
- дотоод бүтэц
-үйлчлэх хүрээ, хугацаа зэргээр ангилж болно.
Үзэл суртлыг үүргийн талаас нь ангилан судлахад тэр нь хэнд хэрхэн үйлчилж байна вэ? гэдгийг онцолдог.Ингэхдээ тухайн үзэл суртал, нийгмийн аль нэгэн бүлгийн хувьд төдийгүй нийт нийгмийн болон хүн төрлөхтний хөгжилд ямар үүрэг гүйцэтгэж буйг тодруулахыг хичээдэг.Үзэл суртлыг нийгмийн хөгжил дэвшлийн үйл явцтай нийцэж, түүнд эерэг түлхэц болж байвал дэвшилтэт харин үүний эсрэг үүрэгтэй байвал харгис хэмээн ангилдаг.
Нийгмийн амьдрал дах үзэл суртлын үүрэг дараах байдлаар илэрнэ. Үүнд:
1.    Чиглүүлэн заах- үзэл суртал нь хүмүүст нийгмийн дэвшил хувь заяа, засаглал зэргийн талаарх төсөөллийг хүмүүст өгч үйл ажиллагааг нь чиглүүлэн удирдана.
2.    Дайчлах: улс төрийн үзэл суртал нийгэм, бүлэг, хувь хүнийг улс төрийн амьдралд татан оролцуулах шууд сэдэл болдог.
3.    Нэгтгэн нягтруулах: үзэл суртал нь салангид, өөр хоорондоо зөрөлдсөн байр суурь, ашиг сонирхлуудыг нэгтгэн зангидаж нийгмийн системд нийцүүлдэг.
4.    Нийгмийн бүлгийн эрх ашгийг илэрхийлэн хамгаалах: улс төрийн үзэл суртал нь ямар нэгэн бүлгийн ашиг сонирхлыг илэрхийлэхийн тулд л үүсдэг, үйлчилдэг.
Орчин үеийн дэлхийн улс төрийн дүр зураг өөр хоорондоо ихээхэн ялгаатай улс төрийн засаглал, нийгмийн байгууллаас бүрдэж байна.Тэр бүхэнд таарч тохирох үзэл суртал ховор ч ерөнхийдөө дүйцэх хэд хэдэн үзэл суртлын чиглэл байдаг бөгөөд тэдгээр улс төрийн үзэл суртлыг хоёр шалгуураар ангилна.Үүнд:
1. Нийгэм улс төрийн прадигмаар буюу нийгмийн хөгжлийн ямар загварыг сонгож байгаагаас шалтгаалан үзэл суртлыг барууны, төвийн, зүүний гэж ангилна.
2. Нийгмийн дэвшилд хандах байдал, зорилгоо хэрэгжүүлэх арга барилаас хамааруулан үзэл суртлыг радикал, консерватив, реформист гэж ангилна.
Барууны үзэл суртал нь чөлөөт өрсөлдөөн, зах зээл, хувийн өмч, үйлдвэрлэл зэрэгт тулгуурлаж нийгмийн дэвшлийг авч үздэг.Гэвч барууны үзэл суртал нь хэт барууны фашист хэв маягаас либераль ардчилсан хэв маяг хүртэлх өөр хоорондоо асар ялгаатай олон үзэл суртлуудаас бүрддэг.Харин зүүний хэв маягын үзэл суртал нийгмийн дэвшлийг тэгш байдал, нийгмийн шударга ёс, бие хүний бүх талын хөгжил зэрэгтэй холбож үздэг.Зүүний нэг үзэл суртал болох коммунизм нийгмийг радикал аргаар өөрчилж, эдийн засгийг төлөвлөгөөтэйгөөр хөгжүүлэх нь зүйтэй гэж үздэг бол социалист болон социал-демократууд нийгмийн шинэчлэлтийг хувьсгалт аргаар хийхийг буруутгаж алгуур шинэчлэлтийг илүүд тооцдог ажээ.Тэд тэгш байдал ба шударга ёсыг зөвхөн үр дүнгийн хувьд төдийгүй эхлэлийн хувьд ч гэсэн адил байх ёстой гэж үздэг.Өөрөөр хэлбэл хүн бүр хөгжил дэвшлээс хувь хүртэх боломжтой байх ёстой гэдгийг онцолдог байна.


No comments:

Post a Comment